Дэлхий нийтийн сорилтууд

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө

Цаг агаарын эрс тэс нөхцөл байдал, хүчтэй шуурга, цөлжилт, урьд өмнө хэзээ ч байгаагүй ой хээрийн түймэр зэрэг нь манай дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдсөөр буйг тод томруун харуулсаар байна. Уур амьсгалын өөрчлөлт нь соёлын өвд сөргөөр нөлөөлж, цаг хугацаа өнгөрөх тусам үр дагавар нь улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Уламжлалт соёлын зан үйлийн гол хэсэг болох ургамал, амьтад ховордож, устаж үгүй болох аюул эрсдэл нүүрлсээр байна. Энэ нөхцөл байдал нь олон мянган жилийн турш тогтвортой байсаар ирсэн нүүдэлчдийн ахуй амьдрал, бэлчээрийн мал аж ахуйд эрсдэл учруулж магадгүй юм.

Энэ нь дэлхий дахинд тулгамдаж буй асуудал хэдий ч зарим эрдэмтэд Монголд харьцангуй өөрөөр нөлөөлж болзошгүй гэж үздэг. Учир нь Монгол улс эх газрын уур амьсгалтай, харьцангуй өндөр, хуурай, далай тэнгисийн нөлөөллөөс хол байдаг тул агаарын хэмийн эрс өсөлт нь цаг агаарын төлөв байдалд огцом өөрчлөлт авчирж болзошгүй. Тухайлбал, Монголын хойд хэсэг нь Сибирийн үргэлжилсэн мөнх цэвдгийн бүсийн өмнөд захад оршдог. Агаарын хэм нэмэгдэхийн хэрээр мөнх цэвдэг хамгийн түрүүнд өмнөд хилийн дагуу хайлж эхэлнэ. Мөнх цэвдэг болон гадаргын мөсөн талбайнууд устах нь эдгээр бүс нутгийн экологид урьдчилан таамаглах аргагүй үр дагавар авчрах магадлалтай.

Ургамал, амьтан, тэр дундаа хүмүүс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож чадах эсэх нь тодорхойгүй. Нэмэж дурдахад археологийн олдворууд ихэвчлэн мөнх цэвдэг, мөнх цастай хэсгүүдэд хэдэн зуун, мянган жилийн турш хадгалагдан үлдсэн байдаг. Мөс нь мод, арьс шир, үслэг эдлэл, хоол хүнс гэх мэт органик материалыг микробууд задлахаас сэргийлдэг. Мөс хайлж эхэлмэгц микробууд эдгээрх материалыг задалж эхлэх бөгөөд үүний уршгаар тэдгээр археологийн үнэт баримтууд байсан эсэхийг бид хэзээ ч мэдэхгүй алдах магадлал өндөр.

Уур амьсгалын өөрчлөлт нь уламжлалт мал аж ахуйг улам хүндрүүлж, улмаар малчдын амь зуулга, ахуй өөр арга зам руу шилжиж болзошгүй. Байгаль орчин эрс өөрчлөгдвөл олон малчид хот суурин газар руу нүүж, өөр төрлийн ажил эрхлэх шаардлагатай болно. Эдгээр малчдын зарим нь амьжиргаагаа залгуулахын тулд хууль бусаар ашигт малтмал олборлох, түүх соёлын дурсгалд хор хохирол учруулах зэрэг сөрөг үр дагавар ажиглагдсаар байна.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан зурагт харагдаж буй шиг өндөр уулсын мөнх цасны ихэнх хэсэг хайлж үгүй болжээ.

Уур амьсгалын эрс өөрчлөлт нь малчид тухайн нөхцөл байдалд дасан зохицох эсвэл өөр амьдарлын хэв маягт шилжих шийдвэр гаргахад хүргэж байна.